Дүрслэх Урлаг Технологийн сургууль нь 65 жилийн түүхтэй МУБИС-ийн ууган сургуулийн нэг юм. 1958 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс гаргасан "Ардын гэгээрлийн ойрын зорилт ба түүнийг биелүүлэх арга хэмжээний тухай" тогтоолын дагуу Зураг, Шугам зураг, Хөдөлмөрийн дээд мэргэжилтэй багш бэлтгэх зорилгоор "Зураг, хөдөлмөр"-ийн анги нээж эхлүүлснээр тус сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Түүхэн замналын он жилүүдэд биеийн тамир, зураг хөдөлмөрийн, кино драмын ангиуд нээгдэж, үйлдвэр сурган, байгалийн ухааны факультет нэртэйгээр хөгжиж ирсэн байна.
1961 онд зураг "Хөдөлмөр-биеийн тамирын факультет" байгуулагдаж анхны деканаар Б.Доржнямыг томилжээ. 1980-1989 онд хоёр салбар нэгдсэн УБДС-ийн "Биеийн тамир, урлагийн факультет" нэртэйгээр байгуулагдан деканаар А.Гочоо ажиллаж үйл ажиллагаа явуулж байлаа. 1990 оноос факультетууд татан буугдаж тэнхимийн зохион байгуулалттай болсон бөгөөд улмаар Биеийн тамирын факультет, Урлаг техникийн факультет нь тус тусдаа бүрэлдэхүүн сургууль болтлоо өргөжин тэлсэн юм. 2014 оны 06 сарын 02 нд Дүрслэх Урлаг Технологийн Сургууль, Биеийн Тамирын Сургуультай түүхэндээ гурав дахь удаагаа нэгдэн "Урлаг, Биеийн Тамирын Сургууль" байгуулагдаж захирлаар А.Энхмаа ажиллав. Улмаар 2017 оны 08 сарын 28-аас дахин бие даасан "Дүрслэх Урлаг Технологийн Сургууль" болж МУБИС-ийн бүрэлдэхүүний найман сургуулийн нэг болж хөгжлийн замналаар сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээл, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байна. Одоо сургуулийн захирлаар тус сургуулийн төгсөгч, доктор (Ph.D) С.Батцоож ажиллаж байна.