Захирлын мэндчилгээ
Монгол улсад дээд мэргэжилтэй зураач, уран бүтээлчид, дизайнерууд, дүрслэх урлаг, технологи, зураг зүйн багшийг бэлтгэж ирсэн Дүрслэх урлаг технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой энэ хичээлийн жилд тохиож буй тул тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар, ахмадууд, ажилтан албан хаагчид, оюутан суралцагчид, мянга мянган төгсөгчид, хамтран ажилладаг дотоод гадаадын байгууллага, хувь хүн, бусад их дээд сургууль, түншүүддээ баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсэе.
1958 онд зураг, шугам зураг, хөдөлмөрийн багш бэлтгэх анхны ангийг нээж, 28 оюутан элсүүлэн улмаар 1959 онд зураг-хөдөлмөрийн тэнхимийг байгуулан анхны эрхлэгчээр Ардын зураач, төрийн хошой шагналт Гэлэгийн Одон ажиллаж эхэлснээр тус сургуулийн арвин их түүх бичигдэж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд үе үеийн удирдлагууд, ахмад багш, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үрээр Монгол орны өнцөг булан бүрд Дүрслэх урлаг, технологи, зураг зүйн багш нарыг бэлтгээд зогсохгүй, улс эх орноо дэлхий дахинд таниулсан алдар суут зураачид, уран бүтээлчид, дуучид, жүжигчид зэрэг урлагийн их мастеруудыг бэлтгэн, дэргэдээсээ соёл урлаг, дизайны сургалттай сургуулиудыг бойжуулан гаргасан арвин их өгөөжтэй, алдар суу ихтэй, улс монголдоо төдийгүй олон улсад танигдсан сургууль болжээ.
Өдгөө тус сургууль нь Дүрслэх урлагийн тэнхим, Технологийн тэнхим, Дизайн зураг зүйн тэнхим гэсэн гурван нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, Дүрслэх урлаг, Дизайн, Технологийн боловсрол, Дүрслэх урлаг судлал, Дизайн урлагийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр сургалтаа явуулан, дотоодын төдийгүй гадаадын оюутан суралцагчдыг элсүүлэн суралцуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багш, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргаж байна.
Өмнөх нэгэн жаранд багшлах боловсон хүчнийг бэлтгэхийн тулд сургалтын дэвшилтэт техник технологийг ашиглан сургалт, үйлдвэрлэлийг хослуулан, өдөр болон давтан сургалт, шаталсан сургалт, эчнээ сургалтаар багшийн хүртээмжийг хангахын төлөө ажиллаж ирсэн бол дараагийн шинэ жаранд манай хамт олон ухаалаг технологид суурилан сургалт, эрдэм шинжилгээ, инновацыг хослуулан цахим болон танхимын сургалтаар мэргэжлийн өндөр ур чадвартай, орчин үеийн ухаалаг, дижитал ертөнцөд хөрвөн ажиллах чадвартай, шинэ үеийн багшийг бэлтгэх, боловсролын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү түүхэн цаг дор тус сургуулийг үүсгэн байгуулалцаж, хөгжүүлэн бэхжүүлэхэд гар бие оролцон нэгэн жарны түүхийг бүтээж, дараагийн жаранд авч явах залуус, шавь нартаа өртөөлөн авч ирсэн үе үеийн буурал багш нартаа талархан мөргөе. Тус сургуулиас жигүүр дэлгэн эх орныхоо өнцөг булан бүрд төдийгүй тэнгис далайг гатлан дэлхийн улс бүхэнд хүрч эрдэм мэдлэгийг түгээн, уран бүтээл, авьяас, ур чадвараа гайхуулан, багш нарынхаа алдар суу, арга ухааныг түгээж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж яваа үе үеийн, мянга мянган төгсөгчдөөрөө сургуулийн хамт олон, багш нар чинь цаг ямагт бахархаж байна.
Дүрслэх урлаг, технологийн сургуулийг зорин ирдэг оюутан залуустаа цаг тутамд сэтгэл тавьж, мэдлэг оюунаа хуваалцан, ур чадвар, арга ухаанаа харамгүй зааж, сургуулийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүйн амжилтын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа нийт эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчид, хамт олондоо баярлалаа. Дэм дэмдээ, дээс эрчдээ гэдгийн адил Монгол улсад ур чадвартай дизайнер, зохион бүтээгчид, зураач, уран бүтээлчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргахад хамтран ажиллаж, дэмжин тусалж ирсэн МУБИС-ийн үе үеийн удирдлагууд, гадаад дотоодын мэргэжил нэгт хамтран зүтгэгчид, их сургуулиуд, дэмжигч байгууллага, хувь хүмүүстээ нийт хамт олон, багш нар, оюутан, төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.
Багш дор мөргөм үү
Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал,
Доктор (Ph.D) С.БАТЦООЖ