МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн захирал Доктор (Ph.D) С.Батцоож, БНСУ-ын "Foundation for the Advancement of STEAM" болон "4D Mathematical Science STEAM Education Research Association" захирал HYOSOOK YANG нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү үйл ажиллагаанд хөтөлбөрийн албаны дарга Ж.Нармандах, Технологийн тэнхимийн эрхлэгч доктор(Ph.D), дэд профессор Д.Сэрээтэрдорж, доктор (Ph.D) М.Баасанбаяр нар оролцлоо.
Хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичгийн зорилго нь дижитал шилжилтийн эрин үе дахь мэргэжилтний ирээдүйн чадавхыг бэхжүүлэх, бүтээлч нэгдмэл (STEAM) боловсролын агуулгыг хамтран боловсруулж, бүх насны хүмүүст зориулсан эрдэм шинжилгээний судалгааны платформыг идэвхжүүлэх, олон улсын тэмцээн, эрдэм шинжилгээний хурлыг хөгжүүлэхэд оршиж байна.
Үйл ажиллагааг Технологийн тэнхимд хэрэгжүүлэх бөгөөд түншлэгч байгууллагууд дараах асуудлаар хамтран ажиллана. Үүнд:
1. Ирээдүйн нэгдмэл STEAM агуулга боловсруулах, түгээх, багш, оюутны захиалгат сургалт зохион байгуулах
2. STEAM боловсролын талаар Монгол, Солонгос хоёр улсын харилцан туршлага солилцох
3. STEAM боловсролын зөрүүг арилгахад чиглэсэн нийгмийн хариуцлагын хөтөлбөр боловсруулах, түгээх
4. Бүх насныханд зориулсан бүтээлч нэгдмэл (STEAM) салбарын шилдэг эрдэм шинжилгээний судалгаа, төслүүдийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх
5. STEAM боловсрол, 4Dframe олон улсын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг солилцох, тэмцээн уралдаанд суралцагчдыг оролцуулах, хурал хамтран зохион байгуулах зэрэг нэлээд өргөн хүрээнд хамтран ажиллах юм.