Модон бөмбөгийн клуб

Модон бөмбөгийн спорт нь 1990 онд Тайвань улсад үүсэн хөгжсөн спортын түүхэн дэх хамгийн залуу спортын төрлүүдийн нэг юм. Энэ төрөл нь 2002 оноос Монгол улсад эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд 2003 онд албан ёсоор “Монголын Модон бөмбөгийн холбоо” /ММБХ/ үүсэн байгуулагдаж, 2005 оноос Анхны “Улсын аварга” шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж үүнээс Улсын шигшээ багыг бүрдүүлэн Олон улсын болон Ази, Дэлхийн наадмуудад оролцож эхэлсэн түүхтэй. Модон бөмбөг нь 2009 оноос эхлэн Оюутны универсиадын төрөлд албан ёсоор орж спортын сургалттай их дээд сургуулийн оюутнуудын зайлшгүй эзэмших төрлүүдийн нэг болсон юм.

Энэ хугацаанд МУБИС-ийн багш, оюутнууд өөрсдийн хүсэл сонирхолоороо хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа чамгүй зарцуулан Модон бөмбөгийн төрлөөр амжилттай хичээллэж ОУ-ын хэмжээний мастер Д.Батмягмар /ДУД оюутан/, Спортын мастер С.Батцоож /ДУТС-ын багш/, 1-р зэргийн тамирчин Б.Цэрэнбат /ДУТ оюутан/, Г.Баясгалан /ДУД оюутан/, М.Болор-Эрдэнэ /ДУД оюутан/ нарын олон тамирчид төрөн гарсан билээ. Эдгээр тамрчидаас гадна үе үеийн олон арван оюутнууд тус спортоор амжилттай хичээллэн Улсын болон ОУ-ын тэмцээнээс удаа дарааллан алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж, их дээд сургуулийн хэмжээнд багаараа 2009, 2011 онд алтан медаль, 2013 онд хүрэл медалийг хүртэж байсан.

Энэхүү амжилттай хөгжиж буй спортын амжилтын буухиаг таслахгүйн үүднээс Модон бөмбөгийн клубыг албан ёсоор 2014онд нээж МУБИС-ийн багш, оюутануудад түгээн дэлгэрүүлэх, тэдний цөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцлийг бий болгосон юм. Клубын зорилго: Оюутны универсиадын төрөл болох Модон бөмбөгийн спортын МУБИС-ийн оюутны шигшээ багыг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилго болно. Үүний тулд:

1. МУБИС-ийн оюутнуудад модон бөмбөгийн спортыг сурталчилан таниулах, сонирхогчдын клуб болон групп нээх,

2. Модон бөмбөгийн спортын стандартад нийцсэн бэлтгэлийн зам, талбай, хэрэглэлтэй болох,

3. Модон бөмбөгийн клубын хичээлэх бэлтгэлийн тогтмол цагтай болох, 4. МУБИС-ийн Модон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг багш, оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явуулж хэвших зэрэг зорилтот ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Клубын үр дүн:

• МУБИС-ийн Модон бөмбөгийн клубыг бий болгож тамирчид бэлтгэж эхэлснээр өөрийн шигшээ багтай болж Улсын аварга, Их дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох,

• Шигшээ багаас амжилттай яваа тамирчидыг Улсын шигшээ багт оруулан ОУ-ын болон Ази, Дэлхийн аваргын тэнцээнд оролцуулах,

• Модон бөмбөгийн сургалтыг үнэлгээтэй болгож олсон орлогоороо спортын хэрэглэлээ сайжруулах, шилдэг сайн тамирчинаа гадаадын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, урамшуулах, зуны цагт хичээллэх гадна талбайг бий болгох зэрэг бодит ажилууд хийгдэх юм.

Клубын орчин нөхцөл, хүний нөөц:

Тус клубын сургалтыг ДУТС-ийн захирал, с/м С.Батцоож хариуцан явуулдаг бөгөөд тус клубт суралцагч багш, оюутнуудад ОУ-ын хэмжээний шүүгч, дасгалжуулагч нарыг урьж лекц уншуулах, бусад их дээд сургуулиудтай харилцан нөхөрсөг тоглолт хийх, МУБИС-ийг төгссөн шилдэг, туршлагатай тамирчидыг урьж бэлтгэл хийлгэх зэргээр хичээл сургалтыг үр дүнтэй явуулж ирсэн. Өвлийн цагт зааланд хиймэл зүлгэн дээр ойрийн зайн бэлтгэл, хаалга болон бөмбөгтэй ажиллах техникт суралцах, онол, дүрмийн хичээлүүдийг үзэх бол урин дулаан цагт гадна талбайд гарч холын зайн цохиолтын техник, газрын гадаргуу, саадыг мэдрэх зэрэг орчины сургалтыг явуулах бөгөөд харьцангуй бусад спортыг бодвол орчин нөхцөл бага шаарддаг спортын төрөл юм.