Түүхэн товчоо


1958 онд Сайд нарын зөвлөлөөс гаргасан “Ардын гэгээрлийн ойрын зорилт ба түүнийг биелүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын дагуу Зураг, Шугам зураг, Хөдөлмөрийн дээд мэргэжилтэй багш бэлтгэх зорилгоор Зураг хөдөлмөрийн анги нээж эхлүүлснээр тус сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй. 1958 онд дэд эрдэмтэн Б.Гончигдоржийн санаачилгаар Физик, математикийн салбарын дэргэд Дүрслэх урлагийн тэнхимийг анх байгуулжээ. 

Түүхэн замналын он жилүүдэд биеийн тамир, зураг хөдөлмөр, 1959 онд кино драмын анги,  үйлдвэр сурган, байгалийн ухааны факультет болон хөгжиж иржээ.

1961 онд зураг хөдөлмөр - биеийн тамирын факултет байгуулагдаж деканаар Б.Доржнямыг томилжээ.

Монгол улсад ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдахад сурагчдын судлах анхны хичээлүүдийн нэг нь зурах, хэмжих ухааны хичээл байжээ. Дүрслэх урлагийн хичээлийг заах дээд боловсролтой багшийг бэлтгэх зорилгоор тухайн үеийн Багшийн Дээд Сургуульд “Зураг, хөдөлмөрийн багш” мэргэжлээр оюутан элсүүлсэн нь сургуулийн түүхэн замналын эхлэл юм. 

1962 оны 10 дугаар сард Боловсролын яамны зөвшөөрлөөр, УБДС-ийн ректорын №133-р тушаал гарч, “Хөдөлмөрийн тэнхим” анх байгуулагдаж,  эрхлэгчээр нь Б.Доржнямыг томилсон юм. Тус тэнхимд 1963 оноос Үйлдвэр сурган, 1969 оноос Физик хөдөлмөрийн, 1978 оноос Ерөнхий техник хөдөлмөрийн, 1990 оноос Хөдөлмөр сургалтын, 1991 оноос Техник урлал, 1998-1999 оны хичээлийн жилээс “Дүрслэх урлаг,  дизайны багш” мэргэжлээр шинэ анги нээн, хичээллүүлснээр тус тэнхимд Дүрслэх урлаг, дизайны мэргэжлийн сургалт төвлөрч, урлаг судлал, дүрслэх урлагийн болоод зураг төсөл, график дизайны сургалтын технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэж эхэлсэн 2010 оноос Технологи-дизайн, 2012 оноос Технологийн багш, 2014 оноос Дизайн технологийн багш  мэргэжлээр тус тус бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.

Мэргэжилтний чанарыг сайжруулах, сургалтын технологийг боловсронгуй болгох, багшлах хүчнийг давтан сургаж, чанаржуулах, сургалтын агуулга арга зүйг хөгжүүлэх, сургалтыг бүх шатны сургуулийн тогтолцоонд нэвтрүүлэх, оюутны бие даасан үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тус сургуулийн хамт олон анхаарлаа хандуулан ажилласаар жаран жилийн түүхийг бүтээгээд байна.